ШИНЭЧЛЭГДСЭН ХОЛБООЖУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Ц.ХЭРЛЭН
“Барилгын хөгжлийн төвийн норм, нормативын хэлтсийн мэрэгжилтэн Монгол улсын тэргүүлэх төсөвчин”

 

Барилгын салбарт шинээр нэвтэрч байгаа техник, технологитой одоо мөрдөгдөж байгаа барилгын ажлын төсвийн суурь нормуудыг шинэчлэн боловсруулж, уялдуулах зайлшгүй шаардлагатай байдаг.  Энэ ажлын хүрээнд ЗТБХБЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас “Барилгын холбоожуулалтын ажлын төсвийн суурь норм” БНбД 81-40-04-д  нэмэлт өөрчлөлт оруулан, радио фидерийн шугамын тулгуурын байгууламж, кабелийн сувагчлал, хэрэглэгчийн ба радио, телефоны агаарын шугамыг барих ажлыг нормчилж, “Холбоо, радио, телевизийн байгууламжийн барилга угсралтын ажил” БНбД 81-31-12 нэртэйгээр шинэчлэн боловсруулан батлуулж, 2012 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн холбоожуулалтын ажлын төсөв зохиоход мөрдөж байна.

“Барилгын холбоожуулалтын ажлын төсвийн суурь норм” БНбД 81-40-04-д  нэмэлт өөрчлөлтөөр холбооны өндөр хурдны шилэн кабелийн залгааг холбооны үзлэгийн худагт, агаарын багана болон хананд, газрын кабелийн залгааны хонхорын хүнхээлд хийх, шилэн кабелийг төгсгөлийн төхөөрөмжинд холбох, хэмжүүр хийх, кабелийн үзүүрт төгсгөлийн коннекторыг холбох болон станцын кросст холбооны хэрэглэгчийн сүлжээ хийх, суурин ба хөдөлгөөнт холбооны тоон системийн бага оврын автомат телефон станц болон хөдөлгөөнт холбооны суурин бааз станцын суурилуулалт, түүний антен, фидерийн холболтын  ажлууд тусгагдсан.

Холбооны өндөр хурдны шилэн кабелийн суурилуулалтын ажилд  ажлын байранд ажилчид нэг байрнаас нөгөөд шилжих, ажлын байранд худагт хаалт хамгаалалтын, анхааруулгын тэмдэг зөөж тавих, угсрах, хураах, шилэн кабелийн залгаа хийхэд кабелийн 2 үзүүрийн гадаргууг хог шорооноос цэвэрлэж, кабелийг үзүүрлэн тусгай тоноглогдсон шилэн кабелийн залгааны машинд оруулах, худаг болон хананд залгаа хийсэн бирк тэмдэглэгээг хөтлөж байрлуулах ажлуудыг багтаан нормчилсон. Энэ нормд материал, хийц, багаж хэрэгслийг 10 метр хүртэл зайд ойртуулан зөөвөрлөж  худаг болон  объектод оруулахаар, кабелийн залгаанд зориулж кабель үзүүрлэх уртыг 1.5 метр уртаар, шилэн кабелийн шөрмөсийн залгааг тусгай залгааны машинаар шарж залгах ажлуудыг нормчилсон. Шилэн кабелийн залгааг 5 метр хүртэл өндөрт гүйцэтгэхээр тооцсон ба түүнээс өндөр объект болох холбооны агаарын багана, барилгын дээвэрт хийж угсрахаар тооцох үед  нормын тохирох зүйл ангиудаар нормчилно. Хэрэв 5 метрээс дээш өндөрт угсарвал хөдөлмөр зарцуулалтын нормыг 5-15 метр хүртэл өндөрт 1,1-ээр, 15 метрээс дээш өндөрт  1,25-аар тус тус өсгөж авахаар тооцсон байгаа. Холбооны өндөр хурдны шилэн кабелийн суурилуулалтын ажлын талаар “Холбооны өндөр хурдны шилэн кабелийн залгааны ажлын хөдөлмөр зарцуулалтын норм” БНбД 83-30-11-д дэлгэрэнгүй орсон учраас төсвийн энэ нормоос харж болно.

Радио фидерийн шугамын тулгуурын байгууламж, кабелийн сувагчлал, хэрэглэгчийн ба радио, телефоны агаарын шугамыг барих ажлыг нормчилж, энэ үнэлгээнд кабелийн сувагчлалын шуудуу, үзлэгийн худгийн хонхор, шугамын шон, татуурга, тулгуурыг суулгах нүхийг ухах ажлуудыг тусгаагүй болно. Энэ ажил нь эмхэтгэл 1, “Газар шорооны ажил” -аар нормчлогдоно.

Тус нормд одоогийн холбооны салбарын кабель шугамын сүлжээний хэрэглээтэй уялдуулан шинэ MNS5016:2001 стандартын төмөр бетон М, Л төрлийн 4ш худгуудын эзэлхүүн, талбай, хүндийн жин, худгийн хонхор, ухах, булах, зөөх газар шорооны ажлын хэмжээг хүснэгтээр тооцож үзүүлсэн.

Мөн MNS5017:2001 стандарттай холбооны гол ба салбар сувагчлалын PVC110-ын 12, 63 мм-ийн яндангийн 5 төрлийн эгнээний байрлалаар янданг угсарч тавих, сувагчлалын шуудууг ухах, булах, зөөх газар шорооны ажлын хэмжээг нэмж оруулсан байгаа.