“ЯРИЛЦЛАГЫН БУЛАН” Б.ОЮУН

Б.ОЮУН
“Монгол улсын тэргүүлэх төсөвчин”

 

Сайн байна уу. Юуны өмнө манай tusuvchin.mn сайтын анхны зочин болж ярилцлага өгч байгаа таньд талархал илэрхийлье. Таныг барилгын салбарын норм, нормативын чиглэлээр төрийн албанд олон жил дагнан ажилласан гэж мэдэх юм, өөрийнхөө тухай манай сайтын зочидод танилцуулна уу?

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө  tusuvchin.mn сайтыг нээж, салбарын төсөвчдийг холбох, тэдний санал бодол, туршлагыг солилцох гүүр болж байгаад баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд тань амжилт хүсье. Мөн танай сайтын анхны зочин болж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.  Би 1982 онд ОХУ-ын УПИ-ийн барилгын инженер-эдийн засгийн факультетийг “Хөдөлмөрийн нормчлолын” мэргэжлээр төгснөөс хойш  Барилгын хүрээлэнд “Хөдөлмөрийн нормчлолын сектор”-т ажлын гараагаа эхэлсэн. Зах зээлийн шуурганд 1992-1996 онд өртсөн хугацааг эс тооцвол барилгын төсөв,  үнэ бүрдлийн норм, нормативын чиглэлээр өнөөг хүртэл 20 гаруй жил ажиллаж байна даа.

Та өнөөгийн барилгын салбарын үнэ бүрдлийн тогтолцоо, төсвийн норм нормативын хөгжлийн төвшинг та яаж харж байгаа вэ.

Манай улсын барилгын норм, дүрмийн систем 1960-аад оны дунд үеэс эхлэн ЗХУ(хуучин нэрээр) Барилгын норм, дүрмийн төрөлжсөн стандарт, техникийн баримт бичгийн тогтолцоог оросын норм, дүрмийг шууд авч хэрэглэх, нэмэлт өөрчлөлт оруулах, үндэсний норм дүрэм боловсруулах гэсэн гурван хэлбэрээр хэрэглэж, норм нормативын тогтолцооны бааз суурийг  тавьсан. 1970 онд Засгийн газрын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Барилгын эрдэм шинжилгээний институтэд “Төсвийн норматив”, “Хөдөлмөрийн норматив”, “Төлөвлөлтийн норматив” гэсэн 3 сектортэй Эдийн засгийн товчоолох салбар байгуулагдаж барилгын төсөв үнэ бүрдэлтийн үндэсний норм, нормативын баримт бичгийг боловсруулах эхлэлийг нь тавьсан.

Мэдээж зах зээлийн шилжилтийн үед барилгын салбар уналтанд орж,  норм, норматив боловсруулах боловсон хүчин байхгүй, судалгаа шинжилгээ хийх, материалаг бааз суурьгүй болсон зэрэг хүндрэл бэрхшээлийг эс тооцвол  50 гаруй жил барилгын төсөв, үнэ бүрдлийн норм норматив шинэчлэгдэн боловсруулагдаж, одоо үндэсний норматив баримт бичигтэй болоод байна. 

Бусад орны туршлагатай харьцуулахад бид хаана яваа бол?

Гадаад орны туршлагаас судалж байхад Тухайлбал Турк, ОХУ, Польш, АНУ зэрэг улс оронд манай улсын үнэ бүрдлийн норм нормативтай ижил төстэй, арга аргачлалтай байдаг юм билээ.  Бид бусад орнуудаас нэг их  хоцорсон гэж хэлэхгүй. Ганцхан бид нарт одоо хөгжлийн түвшинтэйгээ алхаагаа нийлүүлж, судалгаа, шинжилгээний баазтай болж шинэ материал, технологи туршиж, судлан, холбогдох норм нормативыг боловсруулж, хурдан нэвтрүүлж байх шаардлагатай. Үүний тулд мэдээж туршилт тохируулгын лаборатори, эрдэм шинжилгээний институт, боловсон хүчин гээд л бүгд шаардлагатай байгаа ч юуны түрүүн одоо байгаа боломж, мэргэжилтэй боловсон хүчин, барилга угсралтын аж ахуйн нэгжтэйгээ хамтарч ажиллах нь хамгийн зүйтэй гэж бодож байна.

Төсвийн суурь норм, үнэлгээг сайжруулах, боловсронгуй болгох явцад тулгамдаж байгаа асуудлын талаар та дэлгэрүүлж ярихгүй юу?

Ер нь норм, норматив байнга шинэчлэгдэж, нэмэлт өөрчлөлт орж, сайжруулж байх ёстой. Одоо манайд мөрдөж байгаа төсвийн норм нормативын шивэлтийн болон оронгийн алдаа, материалын орц, хүндийн жинг буруу тооцоолсон дутагдал их байдаг л даа. Аж ахуйн нэгжтэйгээ юуны түрүүн хамтарч ажиллах хэрэгтэй гэж дээр дурьдсан. Яагаад гэвэл барилгын компани шинэ материал, технологийг оруулж нэвтрүүлдэг мөн  шинээр гарч байгаа норм нормативыг хамгийн түрүүнд компанийн төсөвчид маань хэрэглэдэг. Иймд компанийн инженер, төсөвчидтэй хамтарч амьдралд зөрүүтэй нормыг засаж сайжруулах, шинэ норм боловсруулах ажлыг хийх хэрэгтэй.

Мөн шинээр норм боловсруулах ажлыг программжуулах хэрэгтэй байна.

Манай үнэ бүрдэлтийн тогтолцоо, норм нормативыг боловсруулах түүхэн хөгжлийн үйл явцад ололт амжилттай зүйл нь юу байв?

Би дээр дурьдсандаа одоо бид төсөв үнэ бүрдлийн үндэсний норм нормативтэй болсон гэж. Ийм болоход түүхэн хөгжлийн явцад  3 удаа шинэчлэлт хийсэн гэж би үздэг. Тухайлбал:

Барилгын төсвийн норм ба дүрмүүдийг үнэ бүрдэлтийн иж бүрдэл нь эдийн засгийн зах зээлийн харилцаанд шилжихийн өмнө төсвийн норм, үнэлгээ  гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр байсан зарчмыг өөрчлөн 1990-ээд оны үеэс эхлэн үнийн хэлбэлзэл, инфляцийг тухай бүр тооцож байх үүднээс хөдөлмөр, материал, машин механизмын зарцуулалт гэсэн биет үзүүлэлтүүдийг тогтоож одоо мөрдөж байгаа төсвийн суурь нормуудыг боловсруулж  эхний шинэчлэлт хийгдсэн.

Барилгын төсвийн норм, нормативыг боловсруулах арга зүй,  аргачлал, барилгын бүтээц, ажлын төрлөөр төсвийн суурь норм, түүний хавсралтуудыг боловсруулах ба хэрэглэх дүрэм, аргачилсан заавар, зэрэг зөвлөмжийн баримт бичгүүдийг боловсруулж,  2003 оноос эхлэн олон улсад нэвтэрсэн барилгын бүтээц, ажлын төрөл бүтээцийн ажлын дундаж зэргийг тогтоож, дундчилах арга дээр суурилан төсвийн суурь нормын эмхэтгэлүүд, түүний хөдөлмөр зарцуулалтын нормыг хянасны үндсэн дээр хоёр дахь шинэчлэлт хийгдсэн.

 Барилгын үнэ бүрдлийг олон улсын жишигт хүргэх зорилгоор барилгын үнэ бүрдэл , төсвийн норм, дүрэм, зааврын бүтцийг тогтоож, тэдгээрийг боловсруулах, шинэчлэх, батлах, хэрэглэхэд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг шинээр тогтоож, барилгын байгууллагуудын өсөн дэвжих, үйлдвэрлэл явуулах эх үүсвэр,  хуримтлал бий болгох нөхцлийг бүрдүүлж “Барилгын үнэ бүрдэлийн үндсэн дүрэм”, “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийг 2012 онд шинэчилж гурав дахь шинэчлэлт хийгдээд байна гэж дүгнэж байна

Танай байгууллага “Барилгын хөгжлийн төв” нь манай “tusuvchin.mn” сайттай ямар чиглэлээр хамтарч ажиллах боложтой гэж үзэж байна вэ?

Танай сайтыг нээгдсэнд их баяртай байна. Барилгын компани болон төсөвчидтэй танай сайтаар дамжуулан харилцаж, санал, солилцож, хамтарч  ажиллах боломжтой  юм байна гэж бодож байна. Цаашид ч хамтарч ажиллах талаар гэрээ байгуулан ажиллах бодолтой байна.

ЗТБХБЯамны сайдын 181 дүгээр тушаалын дагуу батлагдан гарсан “БАРИЛГЫН ҮНЭ БҮРДЛИЙН ҮНДСЭН ДҮРЭМ”, “БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ДҮРЭМ”-ийн онцлог, дэвшилтэт давуу тал нь юунд байгаа вэ?

Олон улсын жишигт хүргэсэн. Барилгын үнэ бүрдэл , төсвийн норм, дүрэм, зааврын бүтцийг тогтоосон, тэдгээрийг боловсруулах, шинэчлэх, батлах, хэрэглэхэд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг шинээр тогтоож өгсөн, барилгын байгууллагуудын өсөн дэвжих, үйлдвэрлэл явуулах эх үүсвэр,  хуримтлал бий болгох нөхцлийг бүрдүүлж өгсөн. Барилгын угсралтын ажлын төсөвт өртөг нь барилгын талбайн зардал (шууд зардал, барилгын ажил гүйцэтгэх ерөнхий зардал) , төсөвт ашиг гэсэн бүтэцтэй.

Шууд зардалд:  Ажиллах хүчний зардал, материалын зардал, машин механизмын ашиглалтын зардал, тээврийн зардал байхаар тогтоосон.  Ажиллах хүчний зардалд ажилчдын цалин, үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтны цалин, нэмэгдэл цалин, нийгмийн даатгалын хувь хэмжээ,  ажилчдын хөдөлмөрийн багаж, ажлын хувцас, хэрэгсэлд зарцуулах хөрөнгийн хэмжээг нийт цалингийн дүнгээс  хувилж тооцохоор тогтоож өгсөн.

Барилгын ажил гүйцэтгэх ерөнхий зардалд: барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах зардал, барилгын ажиллагсадын үйлчилгээний зардал, титулын бус түр барилга, байгууламжийн зардал,  хүйтний улиралд барилга угсралтын ажил гүйцэтгэх үеийн нэмэлт зардал,  удирдлагын зардал багтаж байхаар тусгасан.

Мөн газрыг эзэмших ашиглах, чөлөөлөхтэй холбогдсон зардал, материалын хаягдал, хорогдолын норматив, зөвлөх үйлчилгээний зардал ашиг,  даатгалын шимтгэл зэргийг шинэчлэн тогтоож өгсөн. Ер нь Монгол Улсын хуулиар тогтоосон хувь хэмжээнд нийцүүлэн боловсруулсан.

Барилга угсралтын компанийн удирдлага, ажиллагсад дээрхи шинэчлэгдсэн дүрэмд сэтгэл хангалуун байгаа. Мөн шинээр батлагдсан дүрмийг хэрэглэх талаар сургалтыг нийслэл, орон нутагт зохион байгуулж байгаа болно

Цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар дурьдвал?

Цаашид хийх ажил их байна. Барилгын төсөв, үнэ бүрдэлтийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах талаар 3 сард багтаан уулзалт семинар зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана.  Манай улсын нийт хөрөнгө оруулалтын бараг 70% нь барилга, бүтээн байгуулалтын ажил байдаг. Гэтэл  барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм нормативын талаар төрийн зарим яамд мэддэггүйгээс хөрөнгө оруулалтын болон төсвийн тооцоог хэн  нэгний үгээр ч юм уу урсгалаараа хийж ирсэн. Энэ байдлыг цэгцэлж, нэгдсэн систем бүрдүүлэхээр дээрх ажлыг хийхээр төлөвлөж байна.  Мөн барилгын үнийн хөөрөгдлийг бууруулах ажлын хүрээнд барилгын өртгийг тооцоход хэрэглэх барилгын материалын үнийг  жилд 2 удаа зарлаж байх, материалын үнэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг судлах, дүгнэлт гаргах “материалын үнэ” боловсруулах программ хангамжтай болох, одоо мөрдөж байгаа төсвийн суурь нормуудыг хянаж, сайжруулах, шинэ төсвийн суурь норм боловсруулах  программ хангамжтай болох зэрэг нилээн ажил төлөвлөөд байна.

Та манай сайтын гишүүд болон зочидод хандан мэндчилгээ дэвшүүлнэ үү.

Энэ сайтаар дамжуулан Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, барилгын салбарын төсөв, үнэ бүрдэлтийн асуудлыг сайжруулах, боловсронгуй болгох талаар саналтай, санаа зовниж явдаг иргэд, аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Манай tusuvchin.mn сайтын анхны зочин болж, ярилцлага өгсөн таньд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. Манай сайт нь танай “Барилгын хөгжлийн төв”-тэй идэвхитэй хамтран ажиллаж, барилгын үнэ бүрдлийн тогтолцоог хөгжлийн цоо шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Баярллаа.