“ЯРИЛЦЛАГЫН БУЛАН” Н.ЭРДЭНЭЧИМЭГ

Н.ЭРДЭНЭЧИМЭГ
“Монгол улсын тэргүүлэх төсөвчин, эксперт”

 

Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сайтын ярилцлага буланд Монгол улсын тэргүүлэх төсөвчин, эксперт Н.Эрдэнэчимэг та уригдан оролцож байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таныг барилгын төсвийн тооцооны чиглэлээр олон жил ажилласан арвин их баялаг туршлагаасаа шинэ залуу төсөвчид болон манай сайтын зочидтой хуваалцана уу хэмээн урьж байна. Юуны өмнө та өөрийнхөө тухай танилцуулна уу.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Төсөвчдийн санал бодлоо солилцох “www.tucuvchin.mn“ сайтыг нээж идэвх санаачлагатай ажилласанд талархалаа илэрхийлж ажлын амжилт хүсье. 1977 оноос барилгын төсөв зохиох ажлыг 36 дахь жилдээ хийж байна. Намайг анх төсөв хийж эхлэхэд төсвийн хүснэгтийг цаасан дээр гараар татаж өгөгдөлүүдийг бүгдийг гараар бичиж тооцоог оёдлын машин шиг эргүүлдэг гартай механик машинаар хийж байсан. Гараар хийсэн төсвийг бичээч нар бичгийн машинаар бичиж, нийлэгч нар гар бичмэлтэй тулгаж нийлээд дэвтэрлэгч нар үдэж дэвтэрлэдэг дамжлагатай байлаа. 1980 онд тооны цахилгаан машинтай болж 1984 оноос манай институтэд ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн манай хүмүүстэй хамтарч төсвийн программ боловсруулж, карт шивж өгөгдөл бэлтгээд улсын хэмжээнд ганц байх статистикын төв газрын компьютерт уншуулж үр дүнг нь хэвлүүлж авдаг байв. Тэр үетэй харьцуулахад төсөв зохиох ажилд маш их хөгжил, дэвшил гарчээ.  Төсвийг маш их олон дамжлагаар шалгадаг байсан болохоор цаасаа цоортол баллуурдаж засдаг алдаа зөрчил гаргавал хатуу хариуцлага тооцдог байсан нь тухайн үедээ хэцүү санагдаж байсан бол одоо миний амьдралд маш их хэрэг болж байдаг.

Бидний төсвийн тооцоонд хэрэглэж байгаа суурь нормуудын чанарыг та хэрхэн үнэлдэг вэ. Цаг үетэйгээ хэр нийцэж чадаж байгаа вэ?

Барилгын салбарт нэвтэрч байгаа шинэ технологи, материал , тоног төхөөрөмжийг суурь нормуудад суулгаж нутагшуулах ажил өнөөгийн шаардалгын хэмжээнд хангалттай биш байна гэж үздэг.

Норм нормативыг сайжруулж, боловсронгуй болгоход нэн түрүүнд юуг хийх шаардлагатай гэж үздэг вэ?

Норм нормативыг хувийн байгууллага, хувь хүн боловсруулах нь өнөөгийн нөхцөлд боловсон хүчин, материаллаг бааз, хүчин чадал, чадавхаас шалтгаалан судалгаа тооцоо, шинжлэх ухааны үндэслэл муутай, зөвхөн салбарын эрх ашиг, төлөвлөгдсөн хөрөнгө мөнгө, хугацаанд шахагдаж боловсрогдож байна гэж үздэг учир норм нормативыг сайжруулж, боловсронгуй болгоход нэн түрүүнд эрдэм шинжилгээний байгууллага байх шаардлагатай гэж боддог.

Шинээр батлагдан гарсан “БАРИЛГЫН ҮНЭ БҮРДЛИЙН ҮНДСЭН ДҮРЭМ”, “БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ДҮРЭМ”-ийн талаар таны бодол?

Шинээр батлагдсан “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм”, “Барилгын төсөв зохиох дүрэм” нь Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон барилгын байгууллагуудыг дэмжих бодлого дээр тулгуурлан боловсруулагдсан хөрөнгө оруулалтын үр ашиг талдаа сөрөг нөлөөлөлтэй баримт бичиг болж гэж бодогдсоноос гадна барилгын байгууллага тоног төхөөрөмж болон материалын үнээс 15%-ийн ашиг хүртэх нь зохимжгүй санагдсан. Норм нормативийг мөрдөхөөс өмнө туршилтийн хугацаатай болгож, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, санал авч, судалгаа хийж ажиллах шаардлагатай.

Та олон жил төсөв хийсэн, туршлагатай хүний хувьд төсөвчин хүний ёс зүй, хариуцлагын талаар манай сайтын зочидтой хуваалцана уу?

Төсөвчинтэй хариуцлага, ёс зүй тооцох механизм бараг байхгүй байгааг улсын төсвийн хөрөнгө оруулалттай худалдан авах үйл ажиллагааны өгөгдөлүүдээр төсөв зохиоход мэдрэгддэг.

Шинэ залуу төсөвчдөд хандаж та юуг захиж хэлэх вэ?

Төсөв боловсруулж сурахад эхнээсээ л ул үндэсийг нь сайн ойлгож , төсвөө хянуулж, гарсан алдаа дутагдлыг давтахгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй. Төсөвчин хүнд үнэлгээг оновчтой сонгох, ажлын тоо хэмжээг зөв тодорхойлох асуудал маш чухал учир үүний тулд барилгын үйлдвэрлэлийн технологийг мэдэх, ажлын зураг сайн уншдаг болох, тухайн үнэлгээнд ямар ажилбарууд нормчлогдсоныг мэддэг байх хэрэгтэй. Төсөвчин хүний хайхрамжгүй үйл ажиллагаанаас хөрөнгө оруулагч, барилгын байгууллага хоёрын хооронд маргаан үүсэх, барилгын байгууллага алдагдалд орох, хөрөнгө оруулалтын үр ашиг буурах, хөрөнгө мөнгө завших боломжийг бий болгох зэрэг сөрөг үр дагавар үүсдэг учир мэдлэг, чадвараас гадна  хянуур нямбай ажиллагаа чухал гэж боддог. Төсөвчдийг бэлтгэх сургалтанд сантехник, цахилгааны ажлын төсөв зохиох талаар түлхүү анхаарахаас гадна барилгын салбарт шинээр нэвтэрч буй шинэ материал технологийн талаар үйлдвэр, талбай дээр нь танилцуулж байвал сургалт илүү үр дүнтэй болох болов уу.

Та ямар төсвийн програм хэрэглэдэг вэ?

Төсвийн “ Estimator 21“ програм  хэрэглэдэг.

Энэ програмын тухай таны сэтгэгдэл ямар байдаг вэ?

Орчин үеийн техник технологийн ололтыг төсөв зохиох ажилд маш зөв оновчтой, шийдлүүдээр програмчилсан, цаг хугацаа хэмнэсэн, хөдөлмөр хөнгөвчилсөн том дэвшил болсон. Програмыг шинэчилж боловсруулахдаа шинээр батлагдсан нормуудыг оруулж, тухайлсан ажлын ажилбаруудыг харах, судалгаатай ажиллах зэрэг олон шинэ боломжийг бий болгосон байдаг.

Та эксперт хийдэг хүний хувьд төсөвчдийн нийтлэг гаргадаг алдаа доголдлын талаар өөрийн санал, зөвлөмжөө өгнө үү?

Өндөржилт , гадна дулааны ажлын төсвийг хийх ойлголт дутмаг ажлын тоо хэмжээ буруу тодорхойлох, үнэлгээ буруу сонгох, ажил орхигдуулах  зэрэг дутагдалууд төсөвт экспертиз хийх явцад нийтлэг ажиглагдаж байна.

Манай сайтад уригдан оролцож сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд тань баярллаа. Таны ажилд амжилт хүсье

“www.tucuvchin.mn“ сайтын зочиноор урьж мэргэжил нэгт төсөвчидтэйгээ санал бодлоо солилцох  боломж  олгосонд баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүсье.