БАРИЛГА ЗАСВАРЫН АЖЛЫН ТӨСӨВ ТООЦОХ ТУХАЙ

Ч.МӨНХТУЯА
“Барилгын хөгжлийн төвийн норм, нормативын хэлтсийн мэрэгжилтэн Монгол улсын тэргүүлэх төсөвчин”

 

Барилгын засварын ажлын ангилал, төсөв зохиох онцлог

Барилгын засварын ангилал: Орон сууц, иргэний барилга, түүний бүтээц элементүүд, инженерийн тоноглол, төхөөрөмжийг эдэлгээний нормативт хугацаанд хүргэхийн тулд засвар зайлшгүй шаардлагатай юм. Барилгад урсгал ба их засвар хэмээх 2 төрлийн засвар хийгддэг. Урсгал болон их засварын ажлыг доорх зурагт үзүүлсэн төрөлд хуваана.

 

Урсгал засвар: Тухайн байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан урсгал засварын хөрөнгийн 70-75 хувийг сэргийлэх урсгал засварт зарцуулж, барилгын эдэлгээний хугацаа болон барилгын их засварын хөрөнгө хэмжээг хэмнэх зорилготой юм. Магадлашгүй урсгал засварын үед хойшлуулашгүй жижиг гэмтлүүдийг засварлаж, төлөвлөгдсөн хөрөнгийн 20-25 хувийг зарцуулна.

Их засвар: Иж бүрэн их засвар гэдэг нь бүхэл бүтэн нэг барилгаар  буюу нэг блокоор нь бүтээц элемент, инженерийн тоноглол, төхөөрөмж, өнгөлгөөнд их засвар хийхийг хэлнэ. Түүвэр их засвар гэдэг нь ямар нэг бүтээц элемент, инженерийн тоноглол, төхөөрөмж, өнгөлгөөнд хэсэгчлэн хийх их засварыг хэлнэ.

Барилга байгууламжийн засварын ажлын төсөв зохиох онцлог, анхаарах зүйлүүд, ажлын тоо хэмжээг тооцох

  1. Барилга байгууламжийн ашиглалтын явцад үүсч бий болсон хагарал, хэв гажилтанд орсон байдал, элэгдэл зэрэгт ашиглагч байгууллага жил бүр үзлэг шалгалт хийж, тухайн шатны  Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох байцаагчийн дүгнэлтийг гаргуулж байх ёстой. Ингэснээр барилгын засварын ажлын зураг төсвийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар зохиолгож, хөрөнгийг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олох ажлыг зохион байгуулна.
  2. Барилга байгууламжийн засварын ажлын төсвийг зохиохын өмнө тухайн барилгад биет судалгаа, хэмжилтийг хийнэ. Биет судалгаа, хэмжилт хийх бүрэлдэхүүнд хөрөнгө оруулагч, захиалагч байгууллагын төлөөлөгч, ашиглагч байгууллагын төлөөлөгч, зураг төслийн байгууллагын инженерүүд оролцоно.
  3. Дээрх байгууллагуудын хамтарсан үзлэг, санал, хэмжилтийг үндэслэн засварын ажлын хэмжилтийн болон өөрчлөлтийн зургийг зохионо.
  4. Төсөвчид нь зургийн инженерүүдийн хийж гүйцэтгэсэн зургийг үндэслэн хийгдэх засварын ажлын тоо хэмжээг тооцоолж, төсвийг зохионо.
  5. Засварын ажлын төсөв зохиох нь шинээр баригдах барилгын ажлын төсвийг зохиохоос ихээхэн ялгаатай. Шинээр баригдах барилгын ажлын төсөв нь барилгын ажлын технологи дараалалын дагуу зохиогддог бол засварын ажлын төсөв нь буулгах, засварлах, шинээр хийх ажлуудаас бүрдэж болно.
  6. Засварын ажлын төсвийг зохиохын өмнө хийгдсэн хэмжилтийн болон өөрчлөлтийн зургийн тайлбарыг сайтар уншиж, холбогдох зургуудтай холбож танилцах хэрэгтэй.
  7. Үүний дараа барилгын ерөнхий хийцлэлд хийгдэх ажлын тоо хэмжээг тооцно. Тухайлбал суурь хүчитгэх, хана бэхлэх, хучилт бэхлэх гэх мэт.
  8. Хэмжилтийн болон өөрчлөлтийн зургийн өрөөний тодорхойлолтыг үндэслэн өрөө тус бүрт хийгдэх ажлын тоо хэмжээг тооцоолно.
  9. Өрөө тус бүрт хийгдэх ажлуудыг төрлөөр нь нэгтгэж, ажлын төсвийн нормын үндэслэлийг сонгож, төсвийг зохионо.

БАРИЛГЫН  ЗАСВАРЫН АЖЛЫН ТӨСВИЙГ  МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН 2005 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 12–НЫ ӨДРИЙН 80 ДУГААР ТУШААЛААР БАТЛАГДСАН  БАРИЛГА ЗАСВАРЫН АЖЛЫН ТӨСВИЙН  СУУРЬ НОРМЫГ АШИГЛАН ЗОХИОНО

Үүнд:

  1. БНбД 81-50-05 – Газар шороо, суурь
  2. БНбД 81-51-05 – Хана, хамар ханын ажлын төсвийн суурь норм
  3. БНбД 81-52-05 – Хучилтын ажлын төсвийн суурь норм
  4. БНбД 81-53-05 – Шалны ажлын төсвийн суурь норм
  5. БНбД 81-54-05 – Дээврийн ажлын төсвийн суурь норм
  6. БНбД 81-55-05 – Хаалга, цонхны ажлын төсвийн суурь горм
  7. БНбД 81-56-05 – Шат, довжоо, пийшингийн ажлын төсвийн суурь норм
  8. БНбД 81-57-06 – Засал, чимэглэлийн ажлын төсвийн суурь норм
  9. БНбД 81-58-05 – Угсармал төмөр бетоны ажлын төсвийн суурь норм
  10. БНбД 81-59-05 – Тохижилт, бусад ажлын төсвийн суурь норм
  11. БНбД 81-60-05 – Тогоо, ус халаагч, дулаан зангилааны ажлын төсвийн суурь норм
  12. БНбД 81-61-05 – Цэвэр ус, дулааны шугам хоолойн ажлын төсвийн суурь норм
  13. БНбД 81-63-05 – Салхивчийн ажлын төсвийн суурь норм
  14. БНбД 81-64-05 – Бохир усны шугам хоолойн ажлын төсвийн суурь норм
  15. БНбД81-65-05 – Нүх цоолох, ховил гаргах ажлын төсвийн суурь норм
  16. БНбД 81-70-05 – Цахилгаан угсралтын ажлын төсвийн суурь норм