Skip Navigation Links
  Шинэ
Skip Navigation Links


МЭДЭЭ

    “Барилга байгууламжийн цахим тооцооллын програм
        хангамжийг баталгаажуулж хэрэглэх журам”-ийн
                                 төслийн тухай


Уг журмын төсөлд санал авч байгаатай холбогдуулан манай вэб сайтад програм хэрэглэгч төсөвчдийн зүгээс санал, хүсэлт ихээр ирж байна.   



Эдгээр санал, шүүмжлэлүүдийн нийтлэг үзэл санаа дараах байдалтай байна. Үүнд:

Энэхүү журмын төсөл нь батлагдвал төсвийн програм хэрэглэгч Монгол улсын яамдууд, барилга захиалагчийн албадууд, барилгын салбарын олон зуун компаниуд болон нийт төсөвчдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тэдний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж, салбарын хэмжээнд тодорхойгүй байдал үүсэхээр байна. Үүнд:

Энэхүү журмын төсөл нь програм зохиогч болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах бус (1.2-р заалт), хүнд суртал, шат дамжлагыг бий болгосон, төсөвчдөөс сургалт, гэрчилгээ, гэрчилгээний сунгалт зэрэг төрөл бүрийн төлбөр авч, орлогын эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор хийгдсэн бодит үр ашиггүй төсөл болсон байна.

Барилгын төсвийн програмуудын хувьд 2006 оноос барилгын салбарт идэвхтэй нэвтэрч, 2012 оны байдлаар нийт төсөвчид тавьж суурилуулан, салбарыг бүрэн хамарсан бөгөөд зайлшгүй програм шаардлагатай төсөвчид бүрэн програмтай болсон нь барилгын салбарын түүхэн ажилтуудын нэг гэж үздэг. Эдгээр програм хангамжууд нь сүүлийн 12 жилийн хугацаанд ашиглагдаж, амьдрал практикт шалгагдсан, олон зуун төсөвчдийн санал хүсэлт, ажлын шаардлагын дагуу байнга хөгжүүлэлт хийгдэж, бүхий л норм, дүрмийн өөрчлөлт, шинэчлэлтийг тухай бүр тусгаж, боловсронгуй болгож ирсэн салбарын хэмжээний оюуны үнэт зүйл болсон бүтээл юм.

“Мэрэгжлийн байгууллага” гээчийн томилсон комисс нь хөндлөнгийн, хараат бус, ашиг сонирхолын зөрчилгүй ажиллана гэсэн ямар ч баталгаа байхгүй, цэвэр хувийн үзэмж, ашиг сонирхолоор дүгнэлт гаргахаар байгаа нь жинхэнэ сайн программыг хэрэглэх сонголт хийх боломжийг төсөвчдөд хязгаарлаж, авилга, хүнд суртал бий болох нөхцөлийг бүрдүүлж байна.


ДБХ-ийн сайдын 2000 оны 142 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын зураг төсөл, хайгуулын зураглал, инженерийн тооцооны болон төсвийн программ хэрэглэх журам” –ийг салбарын мэрэгжилтнүүдийн санал дүгнэлт, хүчтэй эсэргүүцэл, шаардлагын улмаас салбарын хүнд суртал, шат, дамжлага, хэрэгцээгүй гарын үсэг, зөвшөөрлийг устгах зорилгоор БХБС-ын 2009 оны 249 дүгээр тушаалаар хүчингүй болгосон билээ. Олны талархалыг хүлээсэн, амьдралын зайлшгүй шаадлагаар гарсан энэхүү шийдвэрээс ухарч, уг журмын төслийг баталбал өмнөх 142 дугаар тушаалаар баталсан журмаас ч дордуулсан, салбарын мэрэгжилтнүүдийн эсрэг, тэдний эрх ашгийг ноцтой зөрчсөн, авилга, хүнд сурталыг бий болгосон, зардал чирэгдэл үүсгэсэн, олны бухимдлыг төрүүлэх ажил болох нь тодорхой байна.

Програм бол ердөө л хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацааг хэмнэх, цахим хэрэглүүр тул түүнд зориулж төрийн зүгээс аливаа дүрэм, журам гаргах огт шаардлагагүй бөгөөд зөвхөн сонголтыг хэрэглэгчдэд үлдээж, муу нь гээгдэж, сайн нь шалгарч үлддэг, чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн зарчимд даатгах нь чухал юм.

Хэн нэгэн иргэн, хуулийн этгээд ажлаа хялбаршуулж, цагаа хэмнэж, хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх зорилгоор ямар нэг програм худалдаж авсныхаа төлөө шалгалт өгч, түүнийгээ “Мэрэгжлийн зөвлөл” гэгчийн хуралд орж биечлэн хамгаалж, тодорхой хугацаатай програм хангамж ашиглах гэрчилгээ мөнгө төлж худалдаж аваад, дараа нь дахин дахин сунгуулах нь төсөвчид болон салбарын мэрэгжилтнүүдэд байж болшгүй хүнд суртал, зардал, чирэгдэл, хүндрэл бэрхшээлийг үүсгэнэ.

Журмын төслийн 1.2-т зааснаар “барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх” гол зорилгод энэ журмын төслийн утга санаа, агуулгын хувьд ямар ч авцалдаа байхгүй, хамааралгүй байна.

Энэ журмын төслөөр тодорхой сонирхол бүхий этгээдүүд өөрсдийн эрх ашгийн дагуу шинэ програм төсөвчдөд худалдаалах зорилго нуугдаж байгаа нь зах зээлийн хямрал, салбарын хүндрэлтэй байгаа энэ цаг үед барилгын компаниуд, төсөвчдөд хүнд цохилт болох нь ойлгомжтой байна.

Энэ цаг үед огт шаардлагагүй дүрэм журам гаргахын оронд нэн яаралтай норм, дүрэм, төсвийн суурь нормын баазаа шинэчилж, сайжруулах ажлыг шуурхай зохион байгуулах нь манай салбарын нэн шаардлагатай тулгамдсан асуудал болоод байна. Төсвийн програм барилгын салбарт хэрэглэгдэж ирсэн 12 жилийн хугацаанд нийт төсөвчдийн зүгээс ирүүлдэг цорын ганц, мөнхийн асуудал бол хуучирч, хоцрогдсон төсвийн суурь нормын баазаа иж бүрнээр нь шинэчилж, сайжруулах ажил байдаг.

www.tusuvchin.mn дээр энэ журмын төсөлтэй холбоотой санал асуулга явуулж, нийт төсөвчдөд имэйл, мессэжээр мэдээлэл хүргэхэд, төсөвчдийн зүгээс эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, санал гомдлоо ирүүлсээр байна.

Иймд энэхүү төсөвчдийн эрх ашигт ноцтойгоор харшилсан журмын төслийг эргүүлэн татах, хэрэгсэхгүй болгох тухай төсөвчдийн ирүүлсэн санал хүсэлтэнд үндэслэн та бүхэнд уламжилж байна.

Та бүхэн энэ журмын төслийн талаар санал, шүүмжлэлээ дараах хэлбэрээр бидэнд ирүүлнэ үү.

Энд дарж санал, бодлоо бичиж илгээнэ үү

Энд дарж санал асуулгад оролцоно уу

99251199 – дугаарт мессэж илгээнэ үү:
1-Журмын төслийг дэмжихгүй байна
2-Журмын төслийг дэмжиж байна
3-Эргэлзэж байна
Санамж: Та мессэж илгээхдээ зөвхөн хариултын өмнөх 1-ээс 3 хүртлэх дугаарын аль нэгийг явуулна уу. Үр дүнг програмаар гаргаж, tusuvchin.mn дээр нийтлэх болно.

Бид та бүхний саналыг нэгтгэн БХБ Яаманд албан ёсоор хүргүүлэх болно.








Copyright © 2017, TUSUVCHIN.MN, All rights reserved